Ерөнхий боловсролын 141-р сургууль “Нээлттэй Номын Сан”- тай боллоо

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 141-р сургууль “Нээлттэй Номын Сан”- тай боллоо. Уг ажлыг анх Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа санаачлан сургуулийн удирдлагуудад чиглэл өгч, тус хамт олон хагас жилийн хугацаанд бодит ажил болголоо.

“Ухаалаг утаснаас-Ухаалаг номын сан” уриаг сургуулийн хамт олон дэвшүүлэн нийт эцэг, эх, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг дэмжин ажиллахыг уриалжээ. Энэ хүрээнд сургуулийн нэг давхар, шатны хажуу хэсгийн ханыг номын сан болгон  засч сурагчид, эцэг, эхчүүдийн ном унших таатай орчинг бүрдүүлж, орчин үеийн нээлттэй номын санг бий боллоо.

Сурагчдыг гар утаснаас ангид байлгаж, номтой нөхөрлүүлэхийг гол зорилго болгосон бөгөөд сурагчид төдийгүй эцэг, эхчүүд хүссэн номоо авч унших боломжийг бүрдүүлж өгсөн байна. Номын сангийн ажил явагдаж байх хугацаанд “Нэг номын хүч” сайн үйлсийн аяныг зарлаж

 өнөөдрийн байдлаар 4000 гаруй ном цуглаад байгаа юм байна.

Номын сангийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн 3-р хорооны Засаг дарга Ц.Энхчимэг болон сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, хамтран ажилласан албан байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  

Баянгол дүүргийн ЕБС-уудын хэмжээнд 141 дүгээр сургууль нь анхдагч болж байгаа бөгөөд  цаашид бусад сургуулиудаа ч энэ жишигт хүргэх зорилт тавьж буйгаа дүүргийн удирдлагууд хэллээ.