БАЯНГОЛ ДҮҮРЭГ “ҮЛГЭРИЙН ЦАГ”-ТАЙ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Хүүхдийн төсөөлөн бодох ертөнцийг баяжуулдаг хамгийн энгийн үйл ажиллагаа бол үлгэр байдаг. Хүүхэд бүхэн үлгэрт гардаг ханхүү, гүнж болох хүсэлтэй явдаг бөгөөд тэр чин хүсэл нь зөвхөн үлгэрт л байдаг аж . Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлж ирсэн тухай бид мэднэ.Хүүхэд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Үлгэр хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд бүгд мэддэг ч хүүхдэдээ үлгэр уншиж, ярьж өгөх нь тун ховор. Сүүлийн үед хүүхэд багачууд гар утас, компьютерт автаж үлгэрийн ном, сэтгүүлээс холдох болсон.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн санаачлагаар өнөөдөр /2019.11.02 / тус дүүрэг “Үлгэрийн цаг”-тай боллоо.

Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулж, хүрэлцэн ирсэн багачуудад үлгэрч өвөө, үлгэрийн хатад “Алтан гадас бас долоон бурхан”, “Эрхий мэргэн” зэрэг үлгэрүүдээр аялууллаа.

Баянгол дүүргийн хэмжээнд төдийгүй нийслэлд анх удаа ийнхүү хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой цаг гарган, уламжлалт үйл ажиллагааг сурталчлан таниулж байгаад эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ.

Баянголын “Үлгэрийн цаг” цаашид амралтын бямба, ням гариг бүр дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болох бөгөөд хүүхэд бүрийн өмнө тус төвийн үүд хаалга нээлттэй байх юм. Мөн үлгэрч өвөө болон үлгэр уншигч хатад монгол ардын шилдэг үлгэрүүдийг уншиж бяцхан хүүхэд, багачуудын сонорыг мялааж, мэлмийг баясгах болно.