БАЯНГОЛ ДҮҮРЭГ ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ОНЛАЙНААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЧЭЭЛ ХИЙХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар “2019-2020 Оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангах төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.13/ үүрэн холбооны Мобиком корпорац, Багшийн туслах ХХК-тай хамтран ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг онлайнаар хичээлээ үзэх боломжийг ханган ажиллахаар боллоо.

Баянгол дүүргийн хэмжээнд 12 дугаар анги төгсөх 1918 суралцагч байгаагаас төрийн өмчийн 17 сургуульд нийт 1698 сурагч буюу нийт төгсөгчдийн 88,6 хувийг эзэлдэг байна. Эхний ээлжид 12 дугаар анги төгсөх 500 сурагчид цахим хичээлийн хуудсанд 1 сарын турш үнэ төлбөргүй хандан элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангах боломжийг олголоо.

Сурагчид www.bagshiintuslah800.mn аппликейшнд бүртгүүлснээр нэвтрэх эрх нээгдэх бөгөөд 2013 оноос хойших ЭЕШ-ийн бүх тест, үндсэн 7 хичээл, мэргэжил сонголтын тухай контентууд гээд төгсөх ангийн сурагчдад нэн шаардлага бүх мэдээллийг багтаасан байна.