Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна

Мэдээг хуваалцах

Хууль зүйн туслалцааны төвийн Баянгол дүүрэг дэх салбар нь Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хууль зүйн яамны харъяа Хууль зүйн туслалцааны төв байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хууль зүйн туслалцааны төв /ХЗТТ/ нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймагт нягтаршил ихтэй 2 суманд нийтдээ 31 салбартай  бөгөөд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бий болгон ажиллаж байгаа билээ.

Манай төвийн үйл ажиллагаа нь 1-рт Төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, 2-рт Хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх гэсэн үндсэн хоёр чиглэлтэй.

1-рт: Төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

  1. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, амьжиргааны түвшиний үнэлгээний 409.679 болон түүнээс доош оноогоор босго шугамаас доогуур бүртгэгдсэн, гэмт хэрэгт холбогдсон иргэн холбогдох /нийгмийн халамжийн байгууллагын тодорхойлолт/ бичиг баримтаа бүрдүүлэн улсын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ бичгээр гарган хандах
  2.  Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах гэрээний дагуу “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-ийн программд Хууль зүйн туслалцааны төвөөс шууд нэвтэрч мэдээллийг авч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
  3. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, гэмт хэрэгт холбогдсон иргэд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын улсын өмгөөлөгч томилуулах албан бичиг, өөрийн хүсэлттэйгээ хандах.

2-рт: Хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх

Тус дүүргийн иргэдэд эрүү, иргэн, хөдөлмөр, захиргааны эрх зүйн салбарт холбогдох хууль зүйн асуудлаар анхан шатны чиглүүлэх зөвлөгөөг өгч ажиллаж байна.

     Хууль зүйн туслалцааны төвийн Баянгол дүүрэг дэх салбар нь 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийтдээ 116 эрүүгийн хэргийг хүлээн авч, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, үүнээс 44 хэргийг шийдвэрлүүлсэн байна. Мөн 2020 оны 01 сараас 04 сар хүртэл нийт 481 иргэнд хууль зүйн асуудлаар анхан шатны зөвлөгөө өгч ажиллаж байна.