Баянгол дүүрэгт байрладаг их, дээд сургуулиудын оюутны дотуур байрнуудад ариутгал, халдваргүйтгэлийг хийлээ

Мэдээг хуваалцах

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 11 оюутны дотуур байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс холбогдох байгууллагуудын хамт төлөвлөгөөт бус хяналт шалгалт, ариутгал, халдваргүйтгэлийг бүрэн хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгууллаа. Шалгалтад нийт 11 дотуур байр, 881 оюутан сурагч хамрагдав.

Тодруулбал, “Мандах” их сургууль, “МҮИС”-ийн оюутны дотуур байрны нийт 3640 м2 талбайд тусгай зөвшөөрөл бүхий хоёр ариутгалын компаниар их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Ариутгал хийх явцад оюутан, оршин суугчдыг гарган хүн хоорондын зайг баримтлан ариутгалын явцад хяналт тавьж ажиллав. Түүнчлэн “Мон-Алтиус” дээд сургууль, “Тээврийн дээд сургууль”, “Барилгын политехник” коллежийн оюутны дотуур байранд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, ариутгалын бодисыг найруулах, ашиглах заавруудыг байршуулан, оюутнуудад өрөө тасалгааг цэвэрлэх ариутгалын бодисыг тараан, зөвлөмж заавар өглөө.

Мөн хяналт шалгалтын явцад нийт оюутнууд болон дотуур байрны багш, жижүүрт коронавируст халдвар тархах эрсдэлийг бууруулах тухай улсын ахлах байцаагчийн зөвлөмж, цар тахлын үед мөрдөх эрүүл ахуйн дэглэмийн талаар зөвлөгөө өгч ажиллалаа.