Иргэд, аж ахуйн нэгжүүд тохижилтондоо анхаарч эхэллээ

2015-07-03

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжийн орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, цэвэр цэмцгэр орчныг бий болгох зорилгоор тохижилтын болзолт уралдааныг зарлаад байгаа билээ. Энэхүү ажлын явц, хэрэгжилтийн талаар  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлдвэр үйлчилгээний дарга, “Баянгол 50” тохижилтын аяны ажлын хэсгийн ахлагч Э.Сансараас цөөн зүйлийг тодрууллаа.

Нийслэлээс зарласан тохижилтын уралдаанд Баянгол дүүрэг хэрхэн оролцож байна вэ?

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлагдаад сар гаруй хугацаа өнгөрөөд байна.  Уралдааны хүрээнд , найман ажлын хэсэг ажиллаж сардаа 2 удаа хариуцсан аж ахуйн нэгжүүдээр явж, үүрэг даалгавар өгч, биелүүлээгүй тохиолдолд гахай наах, инээмсэглэл наах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Үүнд дүүргийн 21 дүгээр хорооны “Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж, “Наран билэг” худалдааны төв, 3 дугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 94 дүгээр цэцэрлэг орчноо тохижуулан гаднах хашаагаа бүрэн шинэчилж, ногоон байгууламж хийж, цэцэрлэгийнхээ гадна талбайд автомашины хуучин дугуйгаар заан, уралдааны машин, авгалдай, танк хийсэн тул “баярлалаа” гэсэн тодотголтой “smile” наалтаар үүдээ чимээд байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байна.

Дүүрэгт хэчнээн гахай, инээмсэглэл наалгасан аж ахуй нэгж байна вэ?

Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд 116 аж ахуй нэгж байгууллага инээмсэглэл, 23 байгууллага гахай наалгаад байна. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд тохижилтондоо анхаарч байгаа нь энэ тооноос харагдаж байна.

Энэхүү болзолт уралдааныг хэрхэн дүгнэж шалгаруулах вэ?

Тус болзолт уралдаан 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Шилдэг  тохижилттой, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг 3 үе шаттай явуулж байна. Нэгдүгээр шатанд салбарын ангилал тус бүрээс 20 шилдэг тохижилттой,  цэмцгэр байгууллага буюу 820  байгууллагыг  шалгаруулна.  Шалгарсан байгууллагын жагсаалтыг ubservice.mn сайтад байршуулж иргэдээс санал авах юм.  Хоёрдугаар  шатанд нэгдүгээр  шатнаас шалгарсан байгууллагаас сар бүр авсан “Смайл” наалтын тоо, иргэдээс цахимаар ирүүлсэн санал, ажлын хэсгээс ирүүлсэн баталгаажсан баримт материал, саналыг үндэслэн 174 байгууллагыг  шалгаруулна.
Гуравдугаар  шатанд “Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж 41 ангиллаар 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах болно.

Баянгол дүүргийн хэмжээнд тохижилтын ажил хэр хийгдэж байгаа вэ?

Нийслэлийн захирагчийн албанаас зарласан дээрх уралдааны дагуу манай дүүрэг  “Баянгол 50” тохижилтын аянг өрнүүлж эхлээд байна. Тус аянг болзолт уралдаан хэлбэрээр “Нийслэлийн өнгө манай дүүргээс...” гэсэн уриан доор зарласан байгаа. Уралдаан 05 сарын 15- наас 10 сарын 15-ныг  хүртэл үргэлжилнэ. Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, сургууль цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагууд гээд бүхий л салбар, ангиллаар оролцох боломжтой юм.

Гэр хорооллын нутаг дэвсгэрт тохижилтын ажил явагдаж байгаа юу?

Гэр хорооллын хувьд жижиг хүнсний дэлгүүр, мухлагууд эргэн тойрноо зүлэгжүүлэх, ногоон байгууламжтай болох зэрэг тохижилтын ажлуудыг хийж байна. Бид  хяналтын ажлын хэсэгтэй хамтран 21-р хорооны ажилтай танилцаж, Сайн үнэлгээг өгөөд байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт