Г.ЭНХБОЛД: “ХӨРШИЙН ӨДӨР”-ИЙГ ДҮҮРГИЙН 23 ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛНА

2015-08-21

Г.ЭНХБОЛД: “ХӨРШИЙН ӨДӨР”-ИЙГ ДҮҮРГИЙН 23 ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Хөршийн хяналтын хөтөлбөр, Хөршийн хяналтын журам”-ыг иргэдэд танилцуулах “Хөршийн өдөр”-ийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болсон. Энэ талаар БГД-ийн Засаг даргын орлогч Г.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хөршийн өдөр-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болоод байна. Танай дүүргийн хувьд энэхүү өдрийн хэрхэн зохион байгуулах вэ?

-Хөршийн хяналтын хөтөлбөр, Хөршийн хяналтын журам-ыг иргэдэд танилцуулах, хороодын оршин суугчдыг хоорондоо танилцах, харилцан мэдээлэл солилцох замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сайн хөршийн холбоо үүсгэх зорилгоор Хөршийн өдөр-ийг дүүргийн 23 хороонд энэ сарын 22-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэхүү өдөрлөгт хороод, цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүд, хөршийн холбоод оролцож иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна урлагийн тоглолт, спортын тэмцээн, хямдралтай худалдааг зохион байгуулна. Манай дүүргийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2013 оноос эхлэн хөршийн холбоодыг байгуулж, тэднийхээ дунд болзолт уралдаан зарлаж, дүгнэж ирсэн.

-Хөршийн холбоодын үйл ажиллагааны талаар тодруулбал?

-Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2013-2016 оны хугацаанд хэрэгжүүлэх “Сэргийлэгч” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд хөршийн холбоог дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Айл хүний амь нэг” болзолт уралдааныг “Сайн хөрш тайван амьдрал” уриан дор 2013 онд анх зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд дүүргийн 23 хорооноос 102 хөршийн холбоо шинээр байгуулагдаж 400 гаруй иргэдийн гишүүнчлэлтэй болон идэвх санаачлагатай оролцсон. Тухайн үед хөршийн холбоо байгуулагдан ажилласнаар хулгайн гэмт хэргийн гаралт огцом буурсан болохыг дүүргийн Цагдаагийн газраас онцолсон. Энэхүү уралдаанд шилдэг хамтарсан багаар 5, 13, 14-р хороо шалгарч, тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.

-Энэхүү үйл ажиллагааг явуулснаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-“Айл хүний амь нэг” болзолт уралдааны үр дүнд иргэд хөрш айлдаа болон хараа хяналтгүй бага насны хүүхэд, биеэ авч явах чадваргүй хүмүүст анхаарал тавьдаг, тусладаг, цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Айл хүний амь нэг байснаар орон байрны хулгай, гал түймэр, гамшгийн аюулаас сэргийлж, гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгч байгаа юм. Нөгөө талаар нийгмийн харилцааг сэргээхэд бидний санаачилсан ажил онцгой нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байна.

-2015 онд болзолт уралдаанаа дүгнэсэн гэсэн. Иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Иргэд маш таатай хүлээн авсан. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг залуу ээжүүд, тэтгэврийн насныхан болон ажилгүй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй байдаг учраас тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж өөрийгөө болон бусдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд анхан шатны ойлголт өгч ажиллаж байна. 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй болгох үүднээс “Хамтарсан баг” болон, “Хөршийн холбоо” гэсэн хоёр чиглэлээр болзолт уралдааныг зарласан. Хамтарсан багт хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа орж байгаа юм. Хороондоо аль болох олон хөршийн холбоо байгуулж, идэвхтэй ажиллуулсан хамтарсан багийг бид шалгаруулсан. 2014 онд уралдаанаа мөн үргэлжлүүлэн зарлаж энэ оны нэгдүгээр улиралд дүнг нэгтгэж гаргасан. 23 хорооноос 30 гаруй хөршийн холбоод материалаа ирүүлснээс бид танилцаад 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэж шилдэг хамтарсан баг, хөршийн холбоодыг шалгаруулсан байгаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ
Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт