Мэндчилгээ

2013-03-13

ТА БҮХНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ БОЛНО

  Нийслэл хотынхоо цээжинд бадамлаж, өнгийг нь тодорхойлж, хөгжлийг нь түүчээлсээр ирсэн төрөлх Баянголчууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, алд цагаан хадгаа дэлгэе.

        Итгэл хазайлгүй ардчиллын төлөө саналаа өгч, найдвар хүлээлгэн Баянгол дүүргийн Засаг даргаар сонгосон эрхэм та бүхнийг сайхан амьдралд хөтлөх их үйлсийг Шийдлийн багийн хамт олонтойгоо шийдвэр зоригтой эхлүүлж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх урам зориг дүүрэн ажилдаа орж байна. Элгэн садан Баянголчууд та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, нүдэнд харагдаж, гарт баригдах бодитой ажлууд хийж гүйцэтгэхээ хариуцлагатайгаар мэдэгдье.

       Юуны өмнө амьдрал буцалж, ажил хөдөлмөр нүргэлсэн Баянгол дүүрэг улс төржилтөөс ангид байж, зөвхөн төрийн үйлчилгээг иргэдэд төвөггүй хүргэхэд анхаарлаа хандуулж, аливаа хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төрийн байгууллага гэдгийг ухамсарлан ажиллахаа онцлон тэмдэглэе.

       Нийслэлээс  2012-2016  онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй  “Аз жаргалтай хот”  хөтөлбөрийг хэрэгжүүлж, Баянголоо нийслэлийн жишиг дүүрэг болгох ажилд хамтран зүтгэх нийт Шийдлийн багийн хамт олон, мянга мянган төрийн албан хаагчдад амжилт хүсч байна. 

        Баянгол дүүргийн иргэн бүр эрүүл энх, өрх бүр аз жаргалтай байж хөгжил дэвшлийг түүчээлэх их үйлсэд хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна. Улаанбаатар нийслэлийн бүрэн эрхт иргэн, эрхэм хүндэт Баянголчууд та бүхэндээ гүн талархлаа дахин дэвшүүлж, итгэлийг тань мохошгүй зүтгэлээр хариулахаа батлан илэрхийлье.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА        

                    С.ОДОНТУЯА

            

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт