Дүүргийн танилцуулга

2013-03-19

     ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

 

    Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, төвлөрлөөс шалтгаалан хоёр хуваагдаж Баянгол, Сонгино хайрхан дүүрэг болж, шинээр зохион байгуулагджээ.

       Баянгол дүүрэгт 2015 жилийн эцсийн байдлаар 57981 өрхийн 216844 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 7426 хүн ногдож байна.  

         Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой.

 

Манай дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна Рамада зочид буудал, Макс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Дүүргийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн 42 ерөнхий боловсролын сургуулийн нийт 1200 бүлэгт 35843 хүүхэд суралцсан байна. Нийт суралцагчдын 31785 сурагч буюу  88.7 хувь нь төрийн өмчийн 17 сургуульд, 3336 сурагч буюу 11.3 хувь нь хувийн хэвшлийн 21 сургуульд суралцсан байна.

Төрийн өмчийн 30 цэцэрлэг, хувийн хэвшлийн 62 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба 493 бүлэгт 17462 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй 1228 иргэн байгаа тэдний 53.3  хувь нь эмэгтэйчүүд байна.

Манай дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 12000 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Радио телевиз, хэвлэл мэдээллийн томоохон газрууд иргэдэд мэдээ, мэдээллийг өдөр бүр түргэн шуурхай хүргэж, тэдний талархлыг байнга хүргэж байдаг юм.

Орон нутгийн төсөв

Баянгол дүүргийн 2015 оны орон нутгийн төсвийн орлогыг 14,771.2 сая төгрөгөөр баталснаас 14,138.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр төсвийн зарлагын нийт төлөвлөгөөг 17,344.2 сая төгрөгөөр баталж, 16,710.0 сая төгрөгийн гүйцэтгэлээр ажилласан. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ЗУРАГ

Төрийн байгууллагын цахим хуудас
Вебийн үзүүлэлт