Өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, ажил үйлсээрээ салбар салбартаа манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнөөдөр зохион байгууллаа. Төрийн дээд одон, медалийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар гардуулсан. Шагнал гардуулах ёслолын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Хийж бүтээсэн ажил үйлсээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагнал авахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргэе” гэлээ.